Public Interest Litigation: A Comparative Study
Keywords:
Нийтийн ашиг сонирхол, бүлгийн ашиг сонирхол, төлөөллийн нэхэмжлэл, нэхэмжлэл гаргах эрх, ашиг сонирхлын шалгуур, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх, байгаль орчны маргаан, хэрэглэгчийн эрхAbstract
Нийтийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх: харьцуулсан судалгаа
Энэхүү судалгаагаар зарим гадаад улсуудын нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, түүний онцлог болон ялгаатай байдал, хэрэгжилтийн хэлбэрийг авч үзсэн болно. Судалгаанд уг эрхийн зохицуулалтыг эрх зүйн уламжлал, шүүхийн хяналтын хэлбэрийн ялгаанд тулгуурлан эх газрын эрх зүйн бүлд хамаарах Бүгд Найрамдах Франц Улс (цаашид “Франц Улс” гэх), Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (цаашид “ХБНГУ” гэх), Бүгд Найрамдах Португал Улс (цаашид “Португал Улс” гэх), Испанийн Хаант Улс, Япон Улс, англо-саксоны эрх зүйн бүлд хамаарах Америкийн Нэгдсэн Улс (цаашид “АНУ” гэх), Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (цаашид “ИБУИНХУ” гэх), Бүгд Найрамдах Энэтхэг Улс (цаашид “БНЭУ” гэх), социалист эрх зүйн бүлд хамаарах Бүгд Найрамдах Хятад Ард Улс (цаашид “БНХАУ” гэх)-ын нийт 9 улсын туршлагыг харьцуулан судаллаа.
Судалгаанаас үзэхэд эх газрын эрх зүйн тогтолцоотой улс орнуудад нэхэмжлэл гаргах эрх нь анх хувь хүний субьектив эрхийн хамгаалалтад төвлөрч байсан боловч нийгмийн харилцаа төвөгтэй болж, байгаль орчин, хэрэглэгчийн эрх, нийтийн эрүүл мэнд, соёлын өв зэрэг нийтлэг үнэт зүйлсийг хамгаалах шаардлага нэмэгдэхийн хэрээр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах тусгай механизм аажмаар хөгжжээ. Франц Улс болон Португал Улсад иргэн, холбоо, зарим тохиолдолд прокурорт нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх олгосон илүү өргөн хүрээний тогтолцоо бүрдсэн бол ХБНГУ, Испани Улс болон Япон Улсад энэ эрхийг тодорхой салбарын хууль, тусгай нөхцөлөөр хязгаарлан зохицуулж байна.
Англо-саксоны эрх зүйн бүлд багтах АНУ, ИБУИНХУ, БНЭУ-ын хувьд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах тогтолцоо нь шүүхийн практик, шүүхийн идэвхтэй оролцоонд тулгуурлан хөгжсөн байна. АНУ-д уг тогтолцоо хууль тогтоомжийн түвшинд системтэй зохицуулагдсан бол ИБУИНХУ-д шүүхийн жишиг шийдвэрийн тайлбар давамгайлж, БНЭУ-д Үндсэн хуулийн зарчим болон шүүхийн идэвхтэй тайлбарын үндсэн дээр хөгжсөн онцлогтой байна.
Харин социалист эрх зүйн тогтолцоонд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах институт нь иргэний нийгэмд тулгуурлах бус, төр төвтэй зохион байгуулалтад суурилсан шинжтэй байдаг. Судалгаанд хамруулсан БНХАУ-ын хувьд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажиллагаа нь прокурорын байгууллага болон хуулиар эрх олгогдсон байгууллагын оролцоогоор хэрэгждэг бөгөөд энэ нь төрийн бодлого, нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилготой институтийн хэлбэрээр хөгжсөн байна.
Ийнхүү харьцуулсан шинжилгээнээс үзэхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах тогтолцоо нь улс орнуудын эрх зүйн уламжлал, шүүхийн хяналтын хэлбэрээс хамааран өөр өөр хэлбэрээр хөгжсөн боловч нийтлэг зорилго нь нийтийн эрх ашиг, шударга ёсыг хамгаалах шүүхийн хяналтын механизмыг өргөжүүлэхэд чиглэж байна.
2
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.
Copyright on any research article in the Mongolian Judicial and Legal Studies is retained by the author(s).
The authors grant the Mongolian Judicial and Legal Studies license to publish the article and identify itself as the original publisher.
![]()
Articles in the Mongolian Judicial and Legal Studies are Open Access articles published under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License - CC BY NC.
This license permits use, distribution and reproduction in any medium, provided the original work is properly cited.